Захиалгын утас: 70162529, 451143 дугаарын утсаар Даваа-Пүрэв гарагт 10:30 - 16:00 цаг, Баасан гарагт 10:30-13:30 цаг хүртэл захиалга авна, Лавлах, цахим бүртгэлийн ажиллах цагийн хуваарь Даваа-Пүрэв гарагт 08:00 - 16:00 цаг, Баасан гарагт 08:00-13:30, Санал хүсэлт авах утас: 70150437

 ҮНДСЭН ЦЭС

Манайд үзүүлэхэд

Та өөрийн биеэр болон утсаар үзүүлэх дугаарыг цахим бүртгэлээс авч үйлчлүүлнэ.

Захиалгын утас: 70162528
Ажиллах цагийн хуваарь 08:00 - 16:00

Иргэн та дараах бичиг баримтыг бүрдүүлж ирнэ.
  • Өвчтөн илгээх хуудас (13А маягт) Харьяа дүүргийн Нэгдсэн эмнэлгээс авна.
  • Иргэний үнэмлэх
  • Эрүүл мэндийн даатгалын дэвтэр
  • Өвчний карт

Хорт хавдрын бүртгэлийн програм хангамж

Гэрээр хийх асаргаа, сувилгаа

2011 оны 11 сарын 11

Сувилгаа гэж юу вэ?

Сувилгааны тухай ойлголтыг эрт дээр үеэс янз бүрээр тодорхойлж ирсэн. Сувилгаа гэдэг нь аливаа хүний амьдрах наад захын шаардлагыг хангасан агааржуулалт, гэрэлтүүлэг сайтай, тохилог цэвэр, дулаан орчин болон эрүүл зохистой хоол хүнс зэргээс эхэлнэ.

Гэрийн сувилгааг хэзээ хийх вэ?
Өвчний улмаас бусдын дэмжлэг туслалцаа шаардлагатай болж урт, богино хугацаагаар хэвтрийн дэглэм сахих хүмүүст гэрээр эмчилгээ, сувилгааг хийдэг.

Гэрийн асаргаа сувилгааг хийхэд та юуг анхаарах вэ?

Орчин: Агааржуулалт сайтай, тохиромжтой гэрэлтүүлэг бүхий дулаан, цэвэр тохилог тайван орчинд өвчтнийг асарч сувилах

Хувцаслалт: Хэвтрийн өвчтөнд хөвөн даавуун материалаар хийсэн сул чөлөөтэй хувцас өмсүүлэх

Хооллолт: Шингэц сайтай витаминлаг, жимс, ногоогоор баялаг хоолыг бага багаар ойр ойрхон өгөх ба тохирох хэмжээгээр ус, цай зэрэг шингэнийг уулгах

Сэтгэл зүй: Гэр бүлийнхэн болон ойр дотныхон нь сэтгэл санааны дэмжлэг өгч ярилцах, санал бодлоо хуваалцах зэргээр дэмжлэг үзүүлэх

Сувилгаа: Хавдрын эмчилгээ хийлгээд гэртээ гарсаны дараа өвчтөнд ядрах, тамирдах, хөдөлгөөн хязгаарлагдах зэрэг шинж тэмдгүүд илэрч болно.

Хөдөлгөөн хязгаарлагдсанаас толгой эргэх, хэвтрийн хатгаа тусах, булчин сулрах, үе мөч хөшиж өвдөх, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн муудаж өтгөн хатах, цусны эргэлт удааширч даралт ихсэх, хөлийн судас үрэвсэх, арьсны холголт, цооролт үүсэх гэх мэт шинж тэмдгүүд гарч болно.

Хөдөлгөөний дутагдлын улмаас үүсэж болох хүндрэлээс урьдчилан сэргийлэх нь:

Хэвтрийн хатгаанаас урьдчилан сэргийлэхийн тулд өвчтний байрлалыг 2 цаг тутамд сольж байх, амьсгалын дасгал хийлгэх

  • Өвчтний үе мөчний хэвийн үйл ажиллагааг хадгалж сайжруулахын тулд дасгал хөдөлгөөнийг өдөрт 2-оос доошгүй удаа хийлгэх
  • Өтгөн хаталтаас сэргийлж ислэг ихтэй хүнсний бүтээгдэхүүнийг зохистой хэмжээгээр хэрэглүүлэх

Цооролт үүсэхээс сэргийлж байрлалыг тогтмол солих, бүх биеийн болон хэсэгчилсэн угаалга хийх. Цоорч болзошгүй газруудыг спиртээр арчих, тальк түрхэж,хөнгөн иллэгийг өдөрт 1 удаа хийнэ.

Зураг 1.Цооролт үүсэх хэсгүүд

1. Амны хөндийг угааж цэвэрлэх

Бэлтгэх зүйл: Содын уусмал, буцалсан ус,оо, зөөлөн үстэй сойз, жижиг алчуур, уруулын тос, хэл дарагчийг халбагны ишээр орлуулах, хэл хусах зүйл
Амны хөндийг угааснаар хоол идэх дуршлыг сайжруулах, амны хөндий үрэвсэх болон халдвар дамжихаас сэргийлнэ.

Зураг 2. Амны хөндий угаах дараалал

Угаах дараалал:
Хажуугаараа хэвтэж чаддаг бол хэвтүүлнэ, чадахгүй бол толгойг хажуу тийш болгон хацрыг хэл дарагчаар шүднээс хөндийрүүлж, оо сойзыг зөв байрлуулан шүдний ширхэгийн дагуу 2 талд ээлжлэн угаана. Амыг өөрөөр нь зайлуулах, эсвэл өөрөө зайлж чадахгүй бол нарийн гуурсыг амны хөндийд оруулж тариураар шингэнийг соруулж авна. Хиймэл шүдийг авч угаах ба хэлний өнгөрийг зөөлөн хусах буюу үрж угаана.

2. Хэвтрийн өвчтөний үс угаах:

Бэлтгэх зүйл: Хувин, цорготой сав, хулдаас, даавуу, том, жижиг алчуур, шампунь, бүлээн ус, өндөр сандал, түмпэн

Үсийг угааснаар хуйхны цусан хангамж сайжирч, үсний эрүүл ахуй сахихад сайн нөлөө үзүүлнэ.

Зураг 3. Толгой угаах дараалал

Угаах дараалал: Таны асрамжинд байгаа хүн явж сууж чаддаггүй тохиолдолд орон дээр нь толгойг угаахдаа дэрийг авч толгой дор нь том алчуур, хулдаас дэвсээд, толгой дор түмпэнг тавина. Усаа дээрээс нь хийж хуйханд иллэг хийх маягаар болгоомжтой угаана. Угааж дуусаад хуурай цэвэр алчуураар зөөлөн арчиж хатаагаад үсийг самнана.

3. Бүх биеийн болон хэсэгчилсэн угаалга хийх:

Бэлтгэх зүйл: Бүлээн ус, тальк, спирт, бохир зүйл хийх сав, саван, том, жижиг алчуур, хумсны хутга, түмпэн, сандал

Бүх биеийг угааснаар: Арьсны эрүүл ахуйг сахих, цусан хангамжийг сайжруулах, арьс гэмтэхээс сэргийлнэ.

Нүд , чих, нүүр, хүзүүг бүлээн усаар норгосон алчуураар иллэг хийх маягаар арчиж угаасны дараа нүүрийг зөөлөн арчина.
Үүний дараа нь өвчтнөө өндийлгөн нуруун дор нь том алчуур дэвсэж, цээжний хэсгийг савандсан алчуураар угааж, хуурай болтол арчина. Алчуураа авч 2 нугалаад угааж буй хүнээ хажуугаар нь харуулж хэвтүүлээд нурууг угаана, гэхдээ тарган хүний харвингийн доогуур, эмэгтэй хүний хөхний доогуур сайтар угааж нурах шинж тэмдэг илэрсэн тохиолдолд тальк, цайны нунтаг, хатаах эм зэргийг хийнэ.
Гар, хөлийг угаахдаа: Эхлээд гарыг угаана. Өвчтөнг дээш нь харуулж хэвтүүлж гар, хөлийг ил гарган түмпэнтэй усаа гар хөл бүтэн дүрэгдэж байхаар байрлуулна. Савандаж норгосон жижиг алчуур гар хөлийг угаана. Суга, цавь хэсгийг сайтар угааж хуурай болтол арчих ба суга, цавинд тальк цацна.
Бэлэг эрхтнийг угаахдаа хөтөвч буюу тохиромжтой савыг тавиад дээрээс нь бүлээн ус гоожуулж угаана.

Өвдөлт зовиурыг үнэлэхэд анхаарах нь:

Хавдрын эмчилгээний өмнө ба дараа гардаг гол зовиуруудын нэг нь өвдөлт юм. Иймээс өвчтөнд үүсч байгаа зовиур шаналгааг байнга асууж, ярилцаж, ажиглаж байх нь зүйтэй. Хэр зэрэг өвдөж байгааг нь сувилж буй хүнийхээ нүүрний өөрчлөлтөөс ажиглан харж болно.
Өвдөлтийг хүн өөр өөрөөр мэдэрч, янз бүрээр илэрхийлдэг. Өвдөлтийг намдаах, зовиурыг даамжруулахгүй байхын тулд эмч, сувилагчаас зөвлөгөө авах нь зүйтэй.

Танд эрүүл энх, сайн сайхныг хүсье.

ХСҮТөвийн сувилгааны албаны дарга Д.Дуламсүрэн , Туяа эмчилгээний тасгийн ахлах сувилагч Ю.Оюунзул

Нийт: 1      1  

 ИХ УНШИГДСАН МЭДЭЭ