Хөхний хавдраас урьдчилан сэргийлье
Хөхний бүтэц
Хөх нь цээжний урд хэсэгт байрлах тус бүр 15-20 ширхэг хэлтэнгээс бүрдэх хос сүүний булчирхай юм. Хэлтэнгүүд хэлтэнцэр хэмээх жижиг хэсгүүдээс бүрдэх ба түүнд сүү үүсэж сүүний цоргоор гадагшилна. Хөхөнд мөн цус, тунгалгийн судас байх ба тунгалгийн шингэн хөхний эдийн ойролцоо, суга, эгэмний дээрх тунгалгийн зангилаанд цутгана. Хөхний хэвийн эс, эдүүд нь янз бүрийн хүчин зүйлийн нөлөөгөөр хорт хавдрын гаж эсүүд болон хувирч хөхний хорт хавдар үүсгэдэг. Эдгээр хорт хавдрын эсүүд нь биеийн бусад эд, эрхтэнд тархдаг.