Захиалгын утас: 70162529, 451143 дугаарын утсаар Даваа-Пүрэв гарагт 10:30 - 16:00 цаг, Баасан гарагт 10:30-13:30 цаг хүртэл захиалга авна, Лавлах, цахим бүртгэлийн ажиллах цагийн хуваарь Даваа-Пүрэв гарагт 08:00 - 16:00 цаг, Баасан гарагт 08:00-13:30, Санал хүсэлт авах утас: 70150437

 ҮНДСЭН ЦЭС

Манайд үзүүлэхэд

Та өөрийн биеэр болон утсаар үзүүлэх дугаарыг цахим бүртгэлээс авч үйлчлүүлнэ.

Захиалгын утас: 70162528
Ажиллах цагийн хуваарь 08:00 - 16:00

Иргэн та дараах бичиг баримтыг бүрдүүлж ирнэ.
  • Өвчтөн илгээх хуудас (13А маягт) Харьяа дүүргийн Нэгдсэн эмнэлгээс авна.
  • Иргэний үнэмлэх
  • Эрүүл мэндийн даатгалын дэвтэр
  • Өвчний карт

Хорт хавдрын бүртгэлийн програм хангамж

Хөхний өмөнгийн үед хийгдэх туяа эмчилгээний талаарх зөвлөгөө

2011 оны 11 сарын 10

Хөхний өмөнгийн үед хийгдэх өвөрмөц эмчилгээний төрөлд:

  • Хэсэг газрын үйлчилгээтэй мэс засал, туяа эмчилгээ
  • Ерөнхий биеийн үйлчилгээтэй химийн, дааврын, дархлааны эмчилгээ хамаарна. Эдгээр эмчилгээний төрлүүдийг өмөнгийн үе шатаас хамааруулж хавсран хийдэг.

Туяа эмчилгээг мэс заслын өмнө болон дараа, мөн дагнасан байдлаар хийнэ. Хөх хадгалах мэс засал хийлгүүлсэн ихэнх өвчтөнд туяа эмчилгээ хийх заалттай бөгөөд хөхөө авахуулсны дараа хавдар дахих өндөр эрсдэлтэй эмэгтэйд мөн адил туяа эмчилгээг хийнэ. Зарим тохиолдолд мэс засал эмчилгээ хийх боломжгүй даамжирсан өмөн илэрсэн бол туяа эмчилгээг дагнасан байдлаар хийдэг байна. Туяа эмчилгээ гэдэг нь цацраг идэвхит туяа (рентген, гамма гм) ашиглан хавдрын эсийг устгах арга юм. Туяа эмчилгээг хөхний өмөнгийн үед дараах хоёр аргаар хийнэ:

Зайн туяа эмчилгээ – тусгай тоног төхөөрөмжийн тусламжтайгаар цацраг идэвхит туяаг хавдрын голомт руу зайнаас чиглүүлж эмчлэх арга.
Хөхний эдийн доторх туяа эмчилгээ – цацраг идэвхит бодисыг хорт хавдар байгаа хэсэгт оруулж, байрлуулан эмчлэх арга.


Зураг 1. Зайн туяа эмчилгээ

Зураг 2. Хөхний эдийн доторх туяа эмчилгээ

Туяа эмчилгээний гаж нөлөө

Туяа эмчилгээ нь хавдрын эсийг устгахын зэрэгцээ эрүүл эсийг зохих хэмжээгээр гэмтээдэг. Туяа эмчилгээнд гэмтсэн эрүүл эс нь хүний биеийн нөхөн сэргэх үйл явцын нэгэн адил эргэн төлжиж байдаг. Гэхдээ эд эсийн эргэн төлжих энэхүү үйл ажиллагаа нь тухайн эсийн хэлбэр болон туяа эмчилгээний тунгаас хамаарч харилцан адилгүй түвшинд явагдах ба эрүүл эсүүд нь хангалттай нөхөн төлжиж чадахгүй бол эмчилгээний гаж нөлөө тодорхой хэмжээгээр гардаг байна.
Орчин үеийн туяа эмчилгээний тоног төхөөрөмж сайжран, хавдрын голомтын болон эрүүл эдэд очих туяаны тунг нарийн тооцоолон төлөвлөдөг болсон нь эмчилгээний гаж нөлөөг үлэмж багасгасны зэрэгцээ илэрснийг эмчлэх боломжтой болсон. Туяа эмчилгээний явцад болон дараа нь хамгийн түгээмэл тохиолдох гаж нөлөө нь арьсны эмгэг урвал өөрчлөлт бөгөөд зарим тохиолдолд доор дурдсан гаж нөлөөнүүд илэрч болно.

Эрт үеийн гаж нөлөө (туяа эмчилгээ хийж байх явцад болон дууссанаас хойшхи 3 сарын хугацаанд илэрнэ)

  • Ядрах
  • Арьс гэмтэх
  • Ханиалгах
  • Хөх хадгалах мэс заслын дараах туяа эмчилгээний үед хөх хавдаж болдог

Хожуу үеийн гаж нөлөө (туяа эмчилгээ хийж дууссанаас хойшхи 3-6 сарын дараагаас эхэлж, түүнээс цааш хугацаанд үргэлжилж болно)

  • Арьсны өөрчлөлт (улайлт, захын судас өргөсөх эмгэг)
  • Хөхний өөрчлөлт (хаван, хатингаршил)
  • Өвдөлт
  • Мөрний хөдөлгөөн хязгаарлагдах
  • Зүрхний үйл ажиллагаа алдагдах
  • Уушгины эмгэг өөрчлөлт
  • Яс гэмтэх
  • Гар хавдах (лимфедем)
  • Сарвуу, гар, мөр мэдээ алдах, чимчигнэх (бугалганы үений үрэвсэл)
  • Туяанаас үүдэлтэй хоёрдогч өмөн

Арьсны арчилгаа
Арьсны гэмтэл нь эмчилгээ эхэлснээс 1-4 долоо хоногийн дараа эхэлж, дууссанаас хойш хэдэн долоо хоног үргэлжилж болно. Арьсны гэмтэл үүсэхэд дараах хүчин зүйл нөлөөлнө.

  • Арьсны онцлог /зөөлөн,нимгэн, шар/
  • Арьсны бүрэн бүтэн байдал алдагдсан /шарх сорви/
  • Үрэвсэл тууралттай байх
  • Арьс арчилгаа хангалтгүй байх
  • Химийн эмчилгээ хавсарч байгаа эсэх
  • Нас, эрүүл мэндийн суурь байдал / диабет, бөөрний дутагдал гм/
  • Тэжээлийн дутагдал
  • Наранд архаг байдлаар түлэгдсэн байдал
  • Тамхидалт
  • Тунгалагийн судасжилт ихтэй эд эрхтэн /хөх/
  • Өөрийгөө асрах чадвар сул

Арьсанд өөрчлөлт илэрсэн үед арьс арчилгаандаа анхаарна уу.

  • Арьсны гэмтлийн зэргээс хамааран А, Е витамин уух, алое вера, зөгийн бал, кортикостеройдын найрлага бүхий тосон түрхлэгийг хэрэглэнэ. Арьсны өөрчлөлт илэрсэн талын суганы үсийг хусахгүй байх

Зүрхний өөрчлөлт: Ихэнхдээ зүрхний булчингийн болон үнхэлцэг хальсны талаас эмгэг илэрдэг.

  • Архи, тамхи, бухимдал зэргээс зайлсхийж, хоол хүнсээ зөв сонгож хэрэглэнэ. Түүнчлэн эмч танд гарч буй зовиурыг үнэлэн зүрхний хэмнэл, цусны урсгалыг сайжруулах эм хэрэглэнэ.

Уушгины эмгэг

Туяанаас үүдэлтэй уушгины үрэвсэл, уушги хатуурах зэрэг өөрчлөлт уушгины тодорхой хэсгийг хамарсан байдлаар бага зэрэг тохиолддог. Өвчтөнүүдийн 2 хүрэхгүй хувьд нь эдгээр гаж нөлөө илэрдэг.
 Цэвэр агаарт алхах, дасгал хөдөлгөөн хийх
 Эмч танд илэрч байгаа зовиураас шалтгаалж амьсгалын замыг чөлөөлөх эм (бронходилататор) агуулсан цацлага, үрэвслийг намдаах бэлдмэл, халдвартай хавсарсан бол антибиотик эмчилгээ хэрэглэнэ.

Ясны эмгэг

Мөрний үе, эгэм, цээжний ясанд ясны хатуурал, яс сийрэгжих, үений хөдөлгөөн хязгаарлагдах зэрэг эмгэг үүсч болно.

  • Зовиур намдаах зорилгоор дараах эмчилгээг хийж болно. Өвдөлтийг өвдөлт намдаах менежментээр эмчилнэ, үрэвслийн эсрэг эм хэрэглэнэ. Мөн яс бэхжүүлэх кальцийн бэлдмэл, Д аминдэм, бисфосфонат зэрэг эм ууж болно.
  • Ясны гэмтлийн улмаас өдөр тутмын ажил хийхэд хүндрэлтэй бол физик болон сэргээн засах эмчилгээ шаардлагатай.

Бисфосфонат

  • Хоруу ихтэй кальцийн хэт ихсэлтийг эмчлэх гол эм юм. Мөн үсэрхийллээс яс хайлсан үед хэрэглэдэг, хөхний өмөнгөөс гаралтай ясны үсэрхийлэлийг бисфосфонатаар удаан эмчлэхэд хайлах процесс багасч, ясны өвдөлт намдаж, кальцийн хэт ихсэлт, хугарлаас сэргийлэх боломжтой.

Хөнгөвчлөх туяа эмчилгээ:

Хөхний өмөн алсын эрхтэнд үсэрхийлсэн тохиолдолд зовуурийг багасгах, эрхтний үйл ажиллагаа алдагдахаас сэргийлэх, ялангуяа ясанд үсэрхийлсэн үед яс хугарах, нугас дарагдах эрсдлийг бууруулах зорилгоор туяа эмчилгээг түгээмэл хэрэглэнэ.

Тунгалгийн хаван /Лимфедема/

Зарим хүмүүст туяа эмчилгээнд суганы тунгалагийн булчирхайнууд гэмтснээс гар хавагнахыг лимфедема гэж нэрлэдэг ба мэс заслаар суганы булчирхайг түүсний дараа, туяа эмчилгээний дараа үүсэх нь элбэг. Мөн хожуу үеийн хавдрын үед хавдрын тархалтаас үүдэн лимфедема үүсдэг. Хэрэв таны гар ялангуяа бугалганы хэсгээрээ хавагнан бүдүүрвэл эмчдээ даруй хандах хэрэгтэй. Тунгалгийн хаван үүссэн нөхцөлд ямар эмчилгээ хийх нь тунгалгийн хавангийн хэмжээ, эмчилгээний зорилгоос (хаван бууруулах, дахин хаван үүсэхээс сэргийлэх, зовиурыг багасгах) хамаарна.
Эмчилгээний үндсэн дөрвөн арга байдаг:

  • Даралтат боолт
  • Дасгал хөдөлгөөн
  • Тусгай иллэг (тунгалгийн урсгалыг гар аргаар сайжруулах иллэг эсвэл тунгалгийн урсгалыг сайжруулах энгийн иллэг)
  • Арьсны арчилгаа

Бугалганы үений үрэвсэл

Энэ нь зовиур багатай боловч бугалганы мэдрэлийн сүлжээний хүнд хэлбэрийн эмгэг үүсгэж болно. Эмчилгээний гол зорилго нь өвдөлтийг намдаахад оршино. Энэ үед “хорсож”, “түлж” байгаа мэт, заримдаа хатгаж өвдөх, мэдээ алдах шинж илэрнэ. Өвдөлт хэр хүчтэйгээс хамаарч өвдөлт намдаах эмийг сонгоно. Мөн сэтгэц нөлөөт (антидепрессант, антиэпилептик) эмийг бага тунгаар хэрэглэж, мэдрэлийн гаралтай өвдөлтийг хянах боломжтой. Өвдөж байгаа газар иллэг хийж, хүйтэн эсвэл халуун бигнүүр тавьж болно. Мэдрэлийн цахилгаан стимулятор багаж ашиглан өвдөлтийг намдаах боломжтой. Үүний тулд арьсан дээр электрод байрлуулж, хүч султай цахилгаан гүйдэл гүйлгэхэд бие махбодиос өвдөлт намдаах бодис (эндорфин) ялгардаг. Заримдаа зүү тавиулахад өвдөлт намддаг. Физик эмчилгээгээр булчин сэргээх дасгал хийж, гарын хөдөлгөөнийг сэргээх боломжтой. Сэргээн засах эмчилгээний эмч өдөр тутмын үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх арга замыг зааж өгнө.
Хавдрын туяа эмчилгээний үед гарч байгаа гаж нөлөөнүүд нь туяа эмчилгээ хийж байх явцдаа болон эмчилгээ дууссанаас хойш ч сэргэж, засарч байдаг.

Хөхний өмөнгийн үеийн даавар эмчилгээ

Хөхний өмөнгийн зарим хэлбэр нь дааврын хамааралтай идэвхиждэг тул эстроген ба прогестероны авуурын шинжилгээ хийлгэж, хэрэв даавар эерэг хөхний өмөнтэй бол дааврын эмчилгээ шаардлагатай болдог. Мэс заслын дараах дааврын эмчилгээг, химийн ба туяа эмчилгээг хийж дууссанаас 4 долоо хоногийн дараагаас эхлэнэ.

Хөхний өмөнгийн эсрэг хийсэн эмчилгээний дараах хяналт

Хяналт: Эхний 1-3 дахь жилд 3-6 сар тутам, 4-5 дахь жилд 6 сар тутам, үүнээс хойш жил тутам.

Зөвлөмж:

  • Хөхний өмөнгээр өвдсөн бүх өвчтөн тогтмол хяналтад байх ёстой.
  • Биеийн үзлэгээр хөх, тунгалгийн булчирхай, цээжний хана, уушги, хэвлийг үзнэ. Гар хавантай эсэхийг шалгана. Жил тутам тухайн болон эсрэг талын хөхөнд маммографийн шинжилгээ хийлгэнэ!
  • Алсын үсэрхийлэл байгаа эсэхийг хянахын тулд лабораторийн, дүрс оношлогооны шинжилгээг тодорхой давтамжтайгаар хийлгэнэ.
  • Шинэ, удаан үргэлжлэх шинжийн талаар эмчийн зөвлөсний дагуу дараагийн хяналтын хугацааг хүлээлгүй даруй эмчдээ мэдэгдэж, үзлэгт хамрагдана.
  • Өөрөө хөхөө шалгах аргыг сайтар эзэмшин, өөртөө хяналт тавина.
  • Нийгэм-сэтгэл зүйн дэмжлэг, туслалцаа авах шаардлагатай үедээ өөрийн эмчлэгч эмч болон сэтгэлзүйч эмчид хандана.
  • Тамоксифен ууж байгаа эмэгтэй үтрээнээс цус алдаж байгаа эсэх талаар өөртөө хяналттай байж, ийм шинж илэрвэл даруй эмчдээ хандах хэрэгтэй.

Танд эрүүл энхийг хүсье.

ХСҮТ-ийн Туяа эмчилгээний тасгийн эмч, АУ-ны магистр Я.Эрдэнэтуяа

Нийт: 1      1  

 ИХ УНШИГДСАН МЭДЭЭ